Байгууллагын товч түүх

         Тус байгууллага нь 1961 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 13-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Ерөөд “Хөдөлмөр хүмүүжлийн бригад” нэртэйгээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяалалд Мод бэлтгэх аж ахуйг түшиглэн мод бэлтгэлийн чиглэлээр байгуулагдсан. 1976 онд БНМАУ-ын Сн3-н 585-р тогтоолоор “Хөдөлмөр хүмүүжил, хөдөлмөр эмчилгээний газар” болон зохион байгуулагдаж, 1980 онд БНМАУ-ын Сн3-ийн тогтоолоор Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын харьяалалд шилжиж ирсэн.

     Нийслэлийн Засаг даргын 1994 оны А/185 тоот захирамжаар Сэтгэцийн өвчтөний хөдөлмөр эмчилгээний эмнэлгийг 50 ортойгоор өргөтгөн 1994 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Сонсголонд “Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлэг” байгуулагдаж харуул хамгаалалтыг Цагдаагийн байгууллага хариуцах болсон. 1999 оны 11 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын А/229 тоот захирамжаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяалалд “Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлэг”-ийг Багахангай дүүрэгт шилжүүлэн 80 ортойгоор ажиллуулсан.

    “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” Монгол улсын хууль 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсантай холбогдуулж Монгол улсын Засгийн газрын  2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаар тогтоолоор тус эмнэлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд шилжүүлж “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” нэртэй болгосон. Энэ хугацаанд харуул хамгаалалтын үйл ажиллагааг Цагдаагийн байгууллага гүйцэтгэсэн хэвээр байсан ба Төрийн өмчийн хорооны 2003 оны 351 дүгээр тогтоолоор Төв аймгийн Баян сум /Мааньт/-д шилжин байршиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд бүрэн бүрэлдэхүүнээр шилжсэн.

      “Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” /шинэчилсэн найруулга/ хууль 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

          Одоогоор 26 ажлын байр 47 орон тоонд захиргаа санхүү, аж ахуй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, харуул хамгаалалт, нийгмийн ажил, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгжтэйгээр жилд дунджаар 500-700 өвчтөнийг Шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авч архины хордлого тайлах, шинж тэмдгийн эмчилгээ, архины дуршил бууруулах, архи зохихгүй болгох, архины харшил үүсгэх эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

       Тус газар нь шүүхийн шийдвэрээр эмчилгээнд ирсэн өвчтөнийг хүлээн авснаас хойш 7-10 хоногт хордлого тайлах, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, тархины цусан хангамж сайжруулах болон даралт бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг шинж тэмдгийн эмчилгээнд хамруулдаг. Хордлого тайлах эмчилгээний дүнд өвчтөний биеийн байдал тогтвортой сайжирсан нөхцөлд сэтгэл заслын эмчилгээний бүлгийн сургалтанд оруулдаг.

   Хордлого тайлах эмчилгээний дараа албадан эмчилгээний стандартын дагуу архины дур дарах, архинд харшил үүсгэх өвөрмөц эмчилгээ хийнэ.

         Сэтгэл заслын эмчилгээг 12-15 хүнээр бүлэгт хуваарилж бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулдаг. Үүнд:

  • 12 алхамт загварын хялбаршуулсан монгол хувилбар болох “Есөн дэвшил” сургалт 9 хоног явагдана.
  • Миннесота 12 алхамт хөтөлбөрийн, Танин мэдэхүй зан үйлийн сэтгэл заслын хөтөлбөрийн дагуу архинд донтох өвчин, үр дагавар, сэтгэлзүйн өөрчлөлтүүд, гарах арга зам, бэрхшээлтэй асуудлууд, нийгэмд дасан зохицох дасгал сургуулилт зэрэг олон талын сэдвээр сургалтыг явуулдаг.

      Мөн хуульд заасны дагуу хөдөлмөрийн эмчилгээний, спорт эмчилгээний, дуу бүжгийн эмчилгээний, хошин шогийн эмчилгээ, кино үзвэр, танин мэдэхүйн эмчилгээний чиглэлээр баг болон ажиллаж эмчлүүлэгчдийг архины хэрэглээнээс үүдэлтэй алдагдсан чадамжуудыг сэргээх сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Back to top button