Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн гуравдугаар шатны нээлтийн ажиллагаа өнөөдөр /2023.09.25/ Офицеруудын ордонд боллоо.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хэлтсийн даргаас дээш албан тушаалтнууд оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба үг хэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн нэг, хоёрдугаар шатны дүнг танилцуулсан юм.
Нэг, хоёрдугаар шатны үзлэгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүн хамрагдсан бол гуравдугаар шатны үзлэгт хэлтсийн даргаас дээш албан тушаалтнууд хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр Сэтгэл зүй, ёс зүйн байдал, Цэргийн дүрмийн мэдлэгийн шалгалт өгсөн юм. Түүнчлэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Биеийн зохистой харьцааны үзлэг”, 9 дүгээр сарын 27-ны өдөр Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалт өгөх юм.
Гуравдугаар шатны үзлэг 2023 оны 10 дугаар сард баруун, зүүн болон төвийн бүсэд үргэлжилнэ.
Энэхүү үзлэгийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, биеийн тамирын сургалтын явц, чанар, орчин, материаллаг баазыг нэмэгдүүлэх, Төрийн тусгай алба хаагчдын биеийн тамирын сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байна.