МЭДЭЭ

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН “ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 100 ОФИЦЕР ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган” 2023 оны 9 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 залуу офицер оролцов.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 35 хүртэлх насны 817 залуу офицер оролцсон энэхүү чуулган нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, холбогдох албаныхан оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэх ёстой гэж үздэгээ тэмдэглэв. Мөн удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгааг удирдах бүрэлдэхүүнд анхааруулсан юм.
Чуулга уулзалтаар залуу офицерууд идэвх санаачилга, үзэл бодол, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа өөрсдөө тодорхойлж, мэдлэг, туршлагаа солилцлоо. Мөн нийгмийн асуудал, манлайлал, хөгжлийн талаарх социологийн судалгааны дүн, эрдэм шинжилгээний хурал болон дэд чуулганаас гарсан санал, зөвлөмжөө нэгтгэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудад гардууллаа.
“Залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан Ажлын хэсэг залуу офицеруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урам зориг нэмэх, манлайлах, мэргэжлээрээ бахархах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 43 цуврал ажил, арга хэмжээ зохион байгуулсан.
Тухайлбал, 2023 оны 8 дугаар сарын 24-26-нд болсон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдаанд 10 байгууллагын 80 офицер оролцож, цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлдсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлалын офицер, ахмад Н.Дэлгэрмаа, мөн командлалын офицер, ахмад Г.Жавхлантөгс нарт тус бүр хоёр өрөө байрны батламж гардуулж, баяр хүргэн, амжилт хүсэн ерөөв.
Тэмцээний тусгай, гутгаар, дэд байрт шалгарсан залуу офицеруудад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар шагнал гардуулав.
Мөн энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны нэрэмжит шагналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Х.Энхсувд шагнагдлаа.
Чуулганыг угтсан дэд ажлуудын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрийн цэргийн байгууллагын залуу офицеруудын хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс 1000 мод, бургас тарих үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн “Шилдэг залуу офицер” уралдааны “Шилдэг илтгэл” төрлийг хариуцан амжилттай зохион байгуулж байсан бол чуулганы үеэр нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн явуулж, шилдгүүдэд батламж, мөнгөн шагнал гардууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen